Хөдөө аж ахуйн хөгжил

Үндэслэл. Улаанбаатарын бүсэд 2007 оны байдлаар нийслэл хотын 80 хороонд нийт 331224 толгой мал тоологдсон нь 2006 оноос 2.9 хувиар буюу 9254 толгой малаар өсчээ. Монгол улсын хэмжээнд 2007 онд 40.3 сая толгой мал тоологдсон бөгөөд нийслэл хотын малын тоо 0.8 хувийг нь эзэлж байна. Нийслэлийн малын тоог 2006 онтой харьцуулахад тэмээ 21 толгой буюу 20.4 хувиар, үхэр 3199 толгой буюу 5.8 хувиар, ямаа 6880 толгой буюу 5.8 хувиар өсч, адуу 487 толгой буюу 2.5 хувиар, хонь 359 толгой буюу 0.3 хувиар буурчээ.

Нийслэл хотын нийт мал сүргийн 34.5 хувь буюу 114356 нь төл, өсвөр насны мал, 45.9 хувь буюу 152063 нь хээлтэгч мал, 18.6 хувь буюу 61518 нь ажлын ба бэлтгэл насны эр мал, 1.0 хувь буюу 3287 нь хээлтүүлэгч мал байна.

Нийслэл хотод тоологдсон нийт малын 25.5 хувь нь буюу 84483 толгой мал Багануур дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт 22.7 хувь, Налайх дүүрэгт 17.8 хувь, Баянзүрх дүүрэгт 15.4 хувь, Хан-Уул дүүрэгт 12.8 хувь, Багахангай дүүрэгт 3.6 хувь, Сүхбаатар дүүрэгт 1.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.7 хувь, Баянгол дүүрэгт 0.01 хувь буюу 46 толгой мал байна.

Сүргийн бүтэц, чанарыг сайжруулах замаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Малын ашиг шимийг бүрэн ашиглах, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх ажил удаан байна.

Мал, амьтны гоц халдварт өвчин нийслэлд орж ирэх, тархах аюул хэвээр байна.

2007 онд нийт тариалсан талбайн 98.6 хувь буюу 1175 га талбайгаас ургац хураан авчээ. Нийт хураасан талбайн 27.5 хувь буюу 323.2 га талбайг аж ахуйн нэгж байгууллага, 72.5 хувь буюу 851.8 га талбайг өрхүүд эзэмшиж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн хоцрогдол, сэлбэг хэрэгслийн дутагдал, хөрөнгө санхүүгийн хомсдол үргэлжилсээр байна.

Мал аж ахуй, газар тариалангийн эрсдэлийг бууруулах, малчдын хоршин ажиллаж байгаа хэлбэрийг дэмжих, бэлчээрийн болон усан хангамжийн менежмент, тэжээл бэлтгэл, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.

Улаанбаатарын бүсэд мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн орчин үеийн өндөр бүтээмжтэй фермерийн аж ахуйг олноор бий болгон хөгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2006-2010 он):

Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ийг жилд дунджаар 6.7 хувиас доошгүйгээр өсгөж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн ашиглана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Хот орчмын бүсэд эрчимжсэн мал аж ахуйн фермерийн үйлдвэрлэл эрхлэхийг тууштай дэмжих;

- Зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэжээлийн хангамж, бэлчээр нутгийн онцлог зэргийг тооцон малыг зохистой өсгөх эдийн засгийн хөшүүргүүдийг нэвтрүүлэх;

- Гахайг мах-өөх, махны чиглэлээр, шувууг өндөг, махны чиглэлээр үржүүлж, зөгийн ашиг шимийг дээшлүүлж сайн чанарын бүлэнцэр бойжуулан зах зээлд борлуулахыг дэмжих;

- Гахай, шувуу, туулай, зөгийн аж ахуй, олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

- Мал сүргийн шилдэг омгийн цөм сүргийг бүрдүүлж, малын удмын санг сэргээх;

- Мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, фермерийн аж ахуйд өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж байх;

- Зарим дүүрэгт зээлээр малжуулах “Малын банк” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

- Цөм, торгон сүргийн болон сайжруулсан малын тоог нэмэгдүүлэх зорилгоор сайн чанарын өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж борлуулах, дүүрэг, хорооны үзэсгэлэн худалдаагаар сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах;

- Мах бэлтгэх үйл ажиллагааг бүх талаар өргөтгөх;

- Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг стандартчилж, үйл ажиллагааг нь сайжруулах;

- Жижиг, дунд үйлдвэр, фермерийн аж ахуйг дэмжих зорилгоор жижиг зээлийн үйлчилгээний хүрээг өргөтгөх;

- Багануур дүүрэгт малын тэжээлийн томоохон үйлдвэр байгуулах.

Гарах үр дүн: Малын ашиг шим өсч, малчдын орлого нэмэгдэнэ.

Тэргүүлэх зорилт 2. Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- “Нэг дүүрэг-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

- Хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн нэн таатай орчин бүрдүүлэх;

- “Нийслэлд мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого” хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

- Хоршоо, фермерийн аж ахуйн холбогдолтой сургалт, семинаруудыг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулан тогтмол зохион байгуулах;

- Бүсийн дүүргүүдэд фермерийн загвар аж ахуйнуудыг байгуулах;

- Сүү, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг дүүрэг бүрт байгуулах үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжиж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;

- Бөөний худалдааны сүлжээнд түшиглэн түүхий эд бэлтгэн нийлүүлэх бүсийн тогтолцоог боловсронгуй болгох;

- Нийслэлийн хүн амыг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хоршоо, фермерийн аж ахуй байгуулж ажиллахыг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих ажлыг өргөжүүлэх;

- Малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл зэрэг албан бус хэлбэрүүдийг дэмжих;

- Дүүргүүдэд малын бэлчээр ашиглалтыг сайжруулах;

- Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд бэлчээр болон эдэлбэр газрыг урт хугацаагаар эзэмшүүлэх;

- Багануур, Налайх дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн фермерийн аж ахуйн бичил бүс нутаг болгон хөгжүүлэх;

- Сонгинохайрхан, Баянцогт уулын арын ухаа гүвээт толгод, Бөхөг-Түргэний голын сав, Өлзийт, Туул хорооны орчмын нутаг, Хөлийн голын дээд хэсэг, Бууралын давааны ар, Налайх орчимд өрхийн мал аж ахуй эрхлэх нөхцөлийг сайжруулах.

Гарах үр дүн: Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалт сайжирч, фермерийн загвар аж ахуйнууд бий болно.

Тэргүүлэх зорилт 3. Мал, амьтныг эрүүлжүүлэх ажлыг эрс сайжруулж, гоц халдварт өвчинтэй тэмцэх арга механизмыг боловсронгуй болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Мал эмнэлгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, тогтолцоог боловсронгуй болгох;

- Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, үржил селекцийн ажилд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, биотехнологийг өргөн нэвтрүүлэх;

- “Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах”, “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг боловсронгуй болгож, мал эмнэлгийн лабораториудыг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах;

- Налайх, Эмээлт дэх түүхий эдийн зах дээр орчин үеийн шаардлага хангасан мал эмнэлгийн лаборатори байгуулан ажиллуулж, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтыг сайжруулах;

- Мал, амьтны эм, био бэлдмэлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулан өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх;

- Бүсийн дүүргүүдийн мал сүргийг им, тамгажуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

- Мал сүргийг төрийн хамгаалалтад байлгаж, гэмт халдлагаас хамгаалах ажлыг илүү үр дүнтэй шинэ арга, хэлбэрээр зохион байгуулах;

- Бүх малыг индексжүүлж, малын эрүүл мэндийг хянах оновчтой тогтолцоо бүрдүүлэх;

- Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн ажил, үйлчилгээг стандартын шаардлагын түвшинд хүргэх.

Гарах үр дүн: Мал эрүүлжиж, гоц халдварт өвчний гаралт, тархалт буурна.

Тэргүүлэх зорилт 4. Газар тариалангийн үйлдвэрлэлийг жилд дунджаар 5.2 хувиас доошгүйгээр тогтвортой өсгөж, бүсийн газар тариалангийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулан нийт эргэлтийн талбайн ашиглалтыг 100 хувьд хүргэж, ургацын хэмжээг нэмэгдүүлэх;

- “Газар тариалан эрхлэх сан”-гийн үйл ажиллагааны журмыг боловсруулан мөрдөж, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, тариалангийн техник, технологийг шинэчлэх, таримлын үрийн аж ахуйг хөгжүүлэхэд түлхүү анхаарах;

- Усалгаатай газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгох;

- Усан сан, хөв байгуулах, бүсийн захын дүүргүүдэд гүний худаг барих зэргээр услалтын оновчтой системийг бий болгох;

- Тариалж буй ургамлын нэр төрлийг олшруулан, богино хугацаанд түргэн боловсордог чанартай үрийг өргөн хэрэглэх;

- Байгаль орчинд сөрөг нөлөөгүй шим бордоо хэрэглэж, нэг га-гийн ургацыг нэмэгдүүлэх;

- Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг айл өрх, албан байгууллагуудаар тариалуулж, амьдрал ахуйдаа хэрэглэхийг дэмжиж сайн чанарын үр суулгацаар хангах арга хэмжээг дэс дараатай авч, “Хүлэмж”, “Зоорь” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;

- Хадлангийн талбайг сайжруулахад хэрэглэх олон наст, үет, буурцагт ургамлын үр үйлдвэрлэх, борлуулах ажлыг сайжруулах;

- Өрхийн аж ахуйн гар ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлодог болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих;

- Жимс, жимсний мод үржүүлгийн газрыг бүсийн дүүргүүдэд байгуулж, үхрийн нүд, чацаргана, давжаа алим зэрэг жимсний тариалалтыг өргөтгөх;

- Хөрс боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг сайжруулах;

- Газар тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах.

Гарах үр дүн: Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой өсч, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжирна.

Хоёрдугаар үе шат (2011-2015 он):

Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ийг жилд дунджаар 7.4 хувиас доошгүй өсгөж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Усалгаатай газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхэд онцгой анхаарах;

- Малчдын үйлдвэрлэл, борлуулалт, фермерийн үйл ажиллагааг тууштай дэмжих;

- Мал аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн мэдээллийн тогтолцоог бий болгох;

- Мал сүргийг эрүүлжүүлж, үржлийн ажлыг ашиг шим, орлоготой нь уялдуулан зохион байгуулах;

- Мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг хангах эрчимжсэн фермерийн болон хагас суурин аж ахуйг олноор байгуулж ажиллуулах;

- Малын тэжээл үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

- Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд байгаль орчинд халгүй, хаягдалгүй, шатахуун бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй техникийг ашиглахыг бүх талаар дэмжих.

Гарах үр дүн: Хот, суурин газрын орчим эрчимжсэн мал аж ахуйн тогтолцоо бий болно.

Тэргүүлэх зорилт 2. Дүүрэг, хороодын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

- Бүх төрлийн худаг засварлах, барих ажлыг гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих;

- Зарим дүүрэгт үерийн хөв, далан байгуулах ажлыг эрчимжүүлж, бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлэх;

- Бэлчээр усжуулах санаачилгыг эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн тууштай дэмжих.

Гарах үр дүн: Бэлчээрийн усан хангамжийн түвшин дээшилж, энэ талын бэрхшээл арилсан байна.

  free pokerfree poker

Цаг агаар

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1
mod_vvisit_counterӨчигдөр192
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт404
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт1795
mod_vvisit_counterЭнэ сард5786
mod_vvisit_counterӨнгөрсөн сард6065
mod_vvisit_counterНийт111511

Online (20 minutes ago): 1
Your IP: 54.87.89.176
,
Өнөөдөр: 11-р сар 25, 2014
© 2011. Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар