Аж үйлдвэрийн хөгжил

Үндэслэл. Нийслэлийн аж үйлдвэрийн газрууд 2007 онд 2006 оныхоос 19.9 хувиар илүү 458.6 тэрбум төгрөгийн (2000 оны зэрэгцүүлэх үнээр) бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

2007 онд оны үнээр 960.4 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн борлуулалт хийгдсэнээс гадаадын зах зээлд 400.4 тэрбум төгрөг, дотоодын зах зээлд 560.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан байна. 2006 онтой харьцуулахад нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 38.0 хувь, борлуулалт 37.7 хувиар өссөн байна.

Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 2006 онтой харьцуулахад (2000 оны зэрэгцүүлэх үнээр) 16.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 24.3 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 3.7 хувиар тус тус өсчээ.

АҮ-ийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
2000 оны зэрэгцүүлэх үнээр, тэрбум төгрө
г

Өнгөрсөн оноос төмрийн хүдэр олборлолт, бусад ашигт малтмал олборлолтын үйлдвэрийн нийт үйлдвэрлэлт оны үнээр 30 орчим хувь, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурил, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мөн нэхмэл, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн үйлд-вэрлэл, резинэн хуванцар эдлэлийн үйлдвэрлэл 55.3 хувиас 2.3 дахин өссөн нь нийт үйлдвэрлэлтийн өсөлтөд нөлөөлсөн байна.

2007 оны аж үйлдвэрийн нийт үйлдвэр-лэлтэд уул уурхай, олборлох аж үйлдвэ-рийн эзлэх хувь өмнөх оноос 1.5 хувь, цахилгаан, дулаан эрчим хүч, усан хангамжийн эзлэх хувь 3.1 хувиар буурч, боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувь 4.6 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтэц


Аж үйлдвэрийн гол нэрийн зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тухайлбал, алт, цахилгаан, дулааны эрчим хүч, түгээсэн цэвэр ус, малын мах, хиамны зүйл, нарийн боов, гурил, гоймон, пүнтүүз, амтат ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, самнасан ноолуур, ном, сэтгүүлийн үйлдвэрлэл 2004-2007 онуудад 2.5-96.1 хувиар өсчээ.

Иймд мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх замаар боловсруулах аж үйлдвэрийн хувийн жин, өсөлтийг тууштай нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн бүсийн давуу талыг ашиглан өндөр технологид суурилсан, оюуны багтаамжтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой, бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2006-2010 он):

Тэргүүлэх зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-ий үйлдвэрлэлийг жилд 9.0 хувиас дээш тогтвортой өсгөж, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

  • - Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжих;
  • - Бүсийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан” байгуулж ажиллуулах;
  • - Сангийн яам, Монгол банк, арилжааны банкуудтай хамтран жижиг, дунд үйлдвэрт зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох, нэмж олох арга хэмжээ авах;
  • - Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх ажлыг өргөтгөж, төслийн хэрэгжилтэд мэргэжлийн холбоодын зүгээс хяналт тавих боломжийг сайжруулах;
  • -Улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар санхүүжих төслүүдэд жижиг, дунд үйлдвэрийг түлхүү хамруулах бодлого баримтлах;
  • - Багануур дүүрэгт мал аж ахуйн гаралтай түүхий эд (арьс, шир, ноос, ноолуур)-ийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах;
  • - Налайх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих “Налайх” бизнесийн инкубатор парк байгуулах ажлыг эхлүүлж, Багахангай дүүрэгт үйлчилгээний экспортын Багахангай “Эйрсервис интернэйшнл” парк байгуулах бэлтгэл ажлыг хангах;
  • - Бүсийн зарим дүүрэгт шахмал түлшний жижиг үйлдвэрийг байгуулж ажиллуулахыг дэмжих;
  • - Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд сүү, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах төрөлжүүлэн савлах, загас, хүнсний ногоо консервлох үйлдвэрүүд байгуулахыг түлхүү дэмжих;
  • - Малын дотор мах, толгой шийр гэх мэт түүхий эдээр хийсэн чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих;
  • - Бүсийн дүүргүүдэд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж техник, технологийн түвшинг сайжруулах;
  • - Улаанбаатарын дагуул, хаяа хот, тосгодод хүнсний ногоо боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллуулахыг дэмжих;
  • - Дагуул, хаяа хот, тосгодод ноос, ноолуурт анхан шатны боловсруулалт хийх, арьс, шир боловсруулах, оёмол, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэр байгуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
  • - Багануурын нүүрсний уурхайн техник, технологийн шинэчлэлд дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийн түлшний хангамжийг сайжруулах;
  • - Багануур, Налайх дүүрэгт шахмал түлш, төмөр хайлуулах үйлдвэрүүдийг байгуулах;
  • - Дүүргүүдэд хуванцар эдлэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, бага оврын цахилгаан хөдөлгүүрийн орчин үеийн үйлдвэр байгуулахыг дэмжих;
  • - Налайхын нүүрсний ордын ашиглагдаагүй хэсэгт бага хүчин чадалтай нүүрсний уурхай байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  • - Цайдам нуурын хүрэн нүүрс, Цайдам, Мааньтын чулуун нүүрсний орд газрыг эзэмшиж уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг өргөтгөх;
  • - Багахангай дүүргийн мах боловсруулах, төмөр хайлуулах, тоосгоны үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
  • - Багахангай дүүрэгт өндөр технологиор жонш олборлох үйлдвэр байгуулахыг дэмжих;
  • - Хотын төвийн дүүргүүдэд байрлах арьс, шир боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүдийг Багануур, Багахангай зэрэг дүүрэгт шилжүүлж эхлэх.

Гарах үр дүн: Бүсийн ДНБ-ий үйлдвэрлэлд боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувийн жин өссөн байна.

Тэргүүлэх зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

  • - Аливаа бүртгэл, лиценз, зөвшөөрлийг төрийн захиргааны бүх шатны байгууллагаас цахим сүлжээгээр олгодог тогтолцоог бүрдүүлэх;
  • - Yл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгжийн тоог олшруулан, бүртгэлийг хөнгөвчилж, хураамжийг үйлчилгээний өөрийн өртөгтэй нь нийцүүлэн тогтоож мөрдөх;
  • - Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх стандартаас бусад стандартыг аль болох зөвлөмжийн шинж чанартай болгож цөөрүүлэх;
  • - Дүүрэг, хороодын хэмжээнд хяналт, шалгалтын давхардлыг арилгах, хяналт шалгалтыг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахад чиглүүлэх;
  • - Улсын байцаагчийн дүгнэлтийг бүх шатанд хүлээн зөвшөөрөх журамд шилжих замаар хяналт шалгалтын тоог цөөрүүлэх;
  • - Бизнесийн холбогдолтой хууль тогтоомжид нууцад хамааруулснаас бусад шийдвэртэй иргэд чөлөөтэй танилцах нөхцөлийг бүрдүүлэх;
  • - Бизнестэй холбоотой аливаа шийдвэрийн төслийг боловсруулах, батлахдаа хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн саналыг урьдчилан авч байх;
  • - Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж ажиллуулахыг дэмжиж, шийдвэр боловсруулах, гаргах явцад оролцуулж байх;
  • - Төрийн үйлчилгээний талаархи санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах шуурхай цэгүүдийг оновчтой байршуулан тогтмол ажиллуулах.

Гарах үр дүн: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай, чирэгдэлгүй болж, бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн байна.

Хоёрдугаар үе шат (2011-2015 он):

Тэргүүлэх зорилт 1. Бүсийн аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өндөр технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувийн жинг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

  • - Налайх дүүргийн өрхийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих “Налайх” бизнесийн инкубатор паркийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, Багахангай дүүрэгт үйлчилгээний экспортын Багахангай “Эйрсервис интернэйшнл” парк байгуулах;
  • - Махны үйлдвэрлэлтэй оновчтой уялдуулан арьс, шир, савхин эдлэл, гутал, хувцас, тоноглол хэрэглэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
  • - Дүүргүүдэд өндөр технологи бүхий хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх;
  • - Арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрийн техник технологийн түвшинг дээшлүүлж, оновчтой байршуулан хөгжүүлэх;
  • - Багануурын уурхайг түшиглэн “Нүүрснээс шингэн түлш гарган авах” үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах;
  • - Налайх дүүргийн нүүрсний уурхай, тоосгоны үйлдвэрүүдийг өргөтгөх;
  • - Багахангай дүүрэгт нефть, химийн үйлдвэр байгуулах.

Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт боловсруулах аж үйлдвэрийн хувийн жин өсч салбарын оновчтой бүтэц бий болно.

  free pokerfree poker

Цаг агаар

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15
mod_vvisit_counterӨчигдөр124
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт253
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт967
mod_vvisit_counterЭнэ сард139
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3339
mod_vvisit_counterНийт95135

Online (20 minutes ago): 5
Your IP: 23.22.83.105
,
Өнөөдөр: 9-р сар 02, 2014
© 2011. Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар